
Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь
“Хусны ширэг” хэмээх газарт 40 га талбайг хамарсан татмын ойжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус талбайд нийт 50 мянган мод тарихаар төлөвлөжээ.
Ойжуулалтын ажлыг “МоЭнКо” ХХК-ийн санхүүжилтээр Монгол Улсын тэргүүний ойжуулагч “Ховд Сафари” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд мод тарихын зэрэгцээ тарьсан моддыг ургуулж бойжуулах, арчлах, хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Татмын ой нь гол, горхи болон усны эх үүсвэрийн дагуух экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хөрсний элэгдлийг бууруулах, чийгийг хадгалах, амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэрэг экологийн ач холбогдолтой. Иймээс ойжуулалтын ажлыг тухайн газрын байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон мод, сөөгийг сонгон тарьж, ургалт, бойжилтыг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна.

Цаашид тарьсан моддын арчилгаа, хамгаалалтыг тогтмол хийж, ургалтыг нь дэмжих замаар тухайн талбайн татмын ойн бүрхэвчийг нэмэгдүүлэхээр ажиллах юм.

