
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 9 дүгээр сарын 3-ны өдрөөс орон даяар зорилтот бүлгийн иргэдийг вакцинд хамруулж эхэллээ.
Энэ жилийн дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг вакцинд хамруулахад анхаарч байна.
Монгол Улсад томуугийн өвчлөл ихэвчлэн аравдугаар сараас нэмэгдэж, нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс өвчлөл нэмэгдэхээс өмнө дархлаажуулалтад хамруулах нь чухал.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томуугийн хүнд хэлбэрийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй аргын нэг нь вакцинжуулалт гэж үздэг. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн хүндрэлд өртөх эрсдэл их байдаг.
Ховд аймагт энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад нийт 10520 хүн тун вакцин хуваарилжээ. Улирлын томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийнэ. Үүнд 6 сартайгаас 6 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Эдгээр бүлгийн хүмүүс томуугийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл их байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинд хамруулахад анхаарч байна.
Томуугийн вакцин зөвхөн халдвар авахаас сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд өвчний хүндрэл, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Вакцины үр нөлөө нь тухайн улиралд эргэлтэд байгаа томуугийн вирус болон вакцинд агуулагдах вирусийн хэв шинжийн нийцэл, хүний нас, эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж жил бүр харилцан адилгүй байдаг. Гэсэн хэдий ч томуугийн хүнд хэлбэрийн өвчлөлөөс сэргийлэх үр дүнтэй арга хэвээр байна.
Ховд аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Тиймээс зорилтот бүлгийн иргэд өөрийн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Томуугийн вакцин нь өвчлөл, хүндрэл, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдээ томуугийн халдвараас хамгаалахад гэр бүл, ойр орчны хүмүүсийн анхаарал, оролцоо чухал. Тиймээс иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хүүхэд, гэр бүлийн гишүүд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс сэргийлэхэд анхаарч, томуугийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахыг аймгийн Эрүүл мэндийн газраас уриалж байна.