
Ховд аймгийн удирдлагууд Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж улсын цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, батламж гардууллаа.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий ес даван үзүүрлэж, улсын арслан цол хүртсэнээр Ховд аймгаас 86 жилийн дараа шинэ улсын арслан тодорсон юм.
Өнөөдөр /2026.08.02/ аймгийн удирдлагууд түүнд 300.0 сая төгрөгийн мөнгөн шагнал, батламж гардууллаа.

Мөн Зэрэг сумын харьяат Ж.Жавхлан шинээр улсын начин цол хүртэж, 50.0 сая төгрөгийн шагнал авсан бол улсын өсөх идэр начин Б.Сосорбарам цолоо баталж, чимэг нэмснийг тохиолдуулан 10.0 сая төгрөг, батламж гардуулав.

Түүнчлэн улсын арслан Б.Бат-Өлзийгийн багш, Монгол Улсын дархан аварга А.Сүхбатад 20 сая төгрөгийн батламж, "Ховд бөхийн дэвжээ"-ний дасгалжуулагч, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэнд 10.0 сая төгрөгийн батламж гардууллаа.

Мөн Мо-Эн-Ко ХХК-д тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдэн шинэ улсын арслан Б.Бат-Өлзийд 100.0 сая төгрөгийн мөнгөн шагнал, батламжийг гардуулж, баяр хүргэсэн юм.

Түүнчлэн Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, бусад байгууллагууд эдгээр улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Үндэсний их баяр наадмын сурын харваанд амжилт гаргасан харваачдад мөн хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, батламж гардууллаа.
Мөнххайрхан сумын харьяат, Урианхай сурын улсын мэргэн, Үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнхзориг Үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлж, "Монгол Улсын онч харваач" цол хүртсэн амжилтыг нь үнэлэн 10.0 сая төгрөгийн батламж гардууллаа.

Мөн "Уулсын мэргэчүүл" харваачдын холбоо, "Шинч мэргэд" багийн харваач Б.Цэцэгмаа буриад сурын төрөлд хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг үнэлж, 5.0 сая төгрөгийн батламж олгов.

