Сурагч Б.Хишигтөгөлдөр монгол бичгийн бүтээлээр үзэсгэлэн гаргав



Ховд аймгийн Манхан сумын eрөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Хишигтөгөлдөр монгол бичгийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах үүднээс Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл болон бусад байгууллагууд шат дараатай ажил зохион байгуулж байна.

Мөн монгол бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, монгол хэл, бичгийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх чиглэлд орон нутгийн багш, сурагчид анхаарч байна. Тэдний төлөөлөл бол Ховд аймгийн Манхан сумын eрөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний багш Я.Соёл-Эрдэнэ, 8а ангийн сурагч Б.Хишигтөгөлдөр юм. 



Сурагч Б.Хишигтөгөлдөр нь дөрөвдүгээр ангиас эхлэн монгол бичгийг уншиж, бичиж сурсан. Улмаар шүлэг, зохиолын эх хувилбарыг монгол бичгээр хөрвүүлэн бичиж, уран бичлэгээр бүтээл туурвиж иржээ. Түүнд монгол бичгээр бичсэн шүлэг болон монгол уран бичлэгийн 100 орчим бүтээл байна. Энэхүү бүтээлийнхээ дээжийг олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр Ховд аймгийн Боловсролын газар дээр үзэсгэлэн гаргалаа.



Үүнээс онцлоход, сурагч Б.Хишигтөгөлдөр сургуулийнхаа бүх анги, тэнхимын нэр, хаягийг монгол бичгээр бичжээ. Мөн миний нутаг, чингис, тусгаар тогтнол зэрэг шүлэг, томоохон эхийг монгол бичгээр хичээнгүйлэн бичсэн гар бичвэр, уран бичлэг зэргийг танилцуулав.   



Тэрбээр хэлэхдээ, “Ээж минь надад монгол бичиг заасан. Миний ээж Я.Соёл-Эрдэнэ монгол хэлний багш учраас түүнээс суралцаж, байнга заавар зөвлөмж авч байна. Би анги хамт олон, найз нөхөд, үe тэнгийн сурагчдад монгол бичиг зааж, хамтдаа суралцаж байгаа. Монгол бичгээр дүрмийн алдаагүй, хичээнгүй, зөв бичих, эхийг шимтэн уншиж сураарай гэж хүүхэд багачууд, өсвөр, залуу үeийнхэнд уриалж байна. Монгол бичиг бол утга соёлын нандин өвийн нэг юм” гэлээ. 

Манхан сумын eрөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний багш Я.Соёл-Эрдэнэ нь охин Б.Хишигтөгөлдөртэй хамтран сум орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад зориулсан  “Монгол бичгийн дугуйлан” нээхээр бэлтгэл хангаж байна.
Ийнхүү монгол бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа тэдэнд Ховд аймгийн Боловсролын газраас хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.     









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ