Баруун аймгуудын цахилгаан тасарч зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид Дөргөний УЦС-аас эрчим хүчээр хангагдаж байна



ОХУ-ын хилээс нааш 10 км-ийн зайд 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216 дугаар тулгуур хугарч унаснаас Баруун бүс нутгийн хэрэглэгчдийн Цахилгаан эрчим хүч тасраад байна. Шалтгаан нь одоогоор тодорхой болоогүй байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр ОХУ-ын Тувагийн Бүгд найрамдах улсын нийслэл Кызыл хотод хүчтэй цасан шуурга болж манай улсын баруун аймгуудын цахилгаан эрчим хүч тасарсан байж болзошгүй. 

Юутай ч үүссэн нөхцөл байдал, гэмтлийг сэргээн засварлах бэлтгэлээ ханган ОХУ-ын "Тываэнерго" компанийн шуурхай ажиллагааны дөрвөн бригад шугамын үзлэгт гарсан гэх мэдээлэл байна. Харин ямар хугацаанд сэргээн засварлаж, хэрэглэгчдийг цахилгаанаар хэвийн хангах нь одоогоор тодорхойгүй байна гэлээ.

Цахилгаан тасалдсантай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 22:47 цагаас эхлэн Дөргөний усан цахилгаан станцаас Ховд, Баян-өлгий, Увс аймгийн төвийн нийт хэрэглэгчдийн 20 гаруй хувь буюу 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.  

Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд Эмнэлэг, дулаан үйлдвэрлэгчид багтдаг. Харин Ховд, Баян-өлгий, Увс аймгийн айл өрхүүд цахилгаан эрчим хүчгүй байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ