Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас байгууллага, аж ахуй нэгжүүдийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах, хүүхдийн өмнө эцэг эхийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгууллаа. Хүүхдийн эрх ихээр зөрчигдөх болсон өнөө цаг үед байгууллагуудын дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, зөвлөлөөр дамжуулан хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулснаар ажилтан албан хаагчдын ажлын бүтээмж өндөрсөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэрэг багасах боломж байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа юм.
Тус сургалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд уригдан оролцож эцэг эхчүүдэд гэр бүл гэдэг юугаар ч хэмжигдэшгүй, ариун нандин үнэ цэнэтэй гэдгийг онцлоод нийт оролцогчдод амжилт хүслээ. Энэ удаад аймгийн ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд болон аймгийн Цагдаагийн газар, Нийтийн номын сангийн холбогдох мэргэжилтнүүд эцэг эхийн зөвлөлийн төлөөлөлд хандаж “Гэр бүл,хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал,цаашид анхаарах асуудал”,”Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”,”Хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх”,”Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, угийн бичгийн үндсэн ойлголт” сэдвээр мэдлэг мэдээлэл олгохын чацуу шилдэг эцэг эхийн зөвлөл шалгаруулах удирдамж танилцууллаа.
Сургалтын төгсгөлд аймгийн Байгаль орчны газар, ШШГГ-ын 457-р нээлттэй хаалттай хорих анги, Жаргалант сумын 2 болон 15 дугаар цэцэрлэгийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн тэргүүнүүд ажлынхаа туршлагаас хуваалцан, харилцан санал бодлоо солилцсон бөгөөд эдгээр зөвлөлүүд өнгөрсөн онд Ховд аймгийн шилдэг “Эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарсан юм.