Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Буянт голын хөвөөнд айл өрхүүд зусланд гарсан байна. Үүнтэй холбогдуулан гол орчмын тохижилтыг сайжруулах, иргэд аюулгүй зорчих боломж бүрдүүлэх зорилгоор аймгийн Замын сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр Буянт гол дээгүүр хоёр модон гүүр барьжээ.
Улмаар аймгийн Засаг даргын 2020 оны А\323 дугаар захирамжаар “Буянт голын жижиг явган гүүрийг барих ажлыг ашиглалтад авах ажлын хэсэг” байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 15-ны өдөр Буянт гол дээр ажиллаж, гүүр барих ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ашиглалтад хүлээн авах тухай шийдвэрлэсэн юм.
Тус модон гүүрний бат бэх байдлыг хангах зорилгоор гол суурийг нь арматур, бетон ашиглан хийжээ. Гүүр барих ажлыг “Нам гүүр” ХХК-ийн хамт олон 10 орчим хоногийн хугацаанд гүйцэтгэсэн . Уг гүүрний даац нь 1 тонн аж.
Цаашид эдгээр гүүрний ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, эвдрэл, гэмтлээс сэргийлэх үүднээс хавар, зуны улирлаас бусад хугацаанд мэргэжлийн байгууллагууд гүүрийг буулган авч хамгаалах боломжтой гэж албаныхан үзэж байна. Мөн гүүрийг буулгах, угсрах ажлыг гүйцэтгэгч компани хариуцаж, Жаргалант сум, Хот тохижилтын газартай уялдаа холбоотой ажиллах юм байна.