Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, нутгийн зөвлөлөөс хамтран
"Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган" өнөөдөр зохион байгууллаа.
Баруун бүсийн төвд эдийн засгийн хувьд тааламжтай газарзүйн байрлалтай Ховд аймаг нь байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн идэвхжил сайтай гэх мэт давуу талуудтайг чуулганы эхэнд онцолж байлаа.
"ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС АШИГЛАЛТАД ОРОХООР БАРУУН ТАВАН АЙМАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРНА"
Дээр дурдсан давуу талуудаа ашиглан ойрын хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар илтгэл тавигдсан юм. Тухайлбал,
-Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл
-Цементийн үйлдвэр байгуулах төсөл
-ХАА, агропаркийн төсөл
-Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрийн төсөл
-Ховд тээвэр ложистикийн төсөл
-Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл
-Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл
Дээрх төслүүдээс баруун таван аймгийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчийг орлох Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл олны анхаарлын төвд байлаа. Тус төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас импортоор өндөр үнэтэй авдаг цахилгаан эрчим хүчийг хямдаар авахаас гадна дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох юм.
800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай тус төслийн талаар төслийн удирдагч Ж.Лувсандандар "Төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр болсон. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, бичиг цаасны ажил үргэлжилж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс 2019 онд багтаад цаасны ажлыг дуусгах, амжвал 2019 ондоо барилгын ажлыг эхлүүлэх зорилготой байгаа. Оройтлоо гэхэд 2020 оны хавар барилгын ажил эхэлнэ.
Баруун таван аймаг 2017 онд 232 сая кв/цаг эрчим хүч хэрэглэсэн. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС 300 сая кв/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нарны цахилгаан станц барина. Үүн дээр Дөргөний УЦС хэвийн ажиллаж байгаа. Үндсэндээ баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаасаа гарч, оргил ачааллын үед төв рүүгээ эрчим хүч нийлүүлэх боломжтой болно" хэмээн ярилаа.
Түүнчлэн УЦС-аас үүссэн томоохон нууранд загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн харж байгаа ажээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой хэмээн анх 1957 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд дүгнэж, 1990-ээд оноос хойш төслийг хэрэгжүүлэх санаачилгууд гарсаар байсан ч ажил хэрэг болохгүй явсаар өдийг хүрснийг албаныхан онцолж байв.
"ХОВД-ЭКО" ЦЕМЕНТИЙН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ ШИЙДЭГДСЭН, 2019 ОНЫ ХАВРААС БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛНЭ"
Ховд аймгийн төдийгүй баруун таван аймгийн хувьд томоохон ач холбогдол бүхий бас нэгэн төсөл нь Цементийн үйлдвэрийн төсөл юм. Улаанбаатарт нэг тонн нь 150,000-160,000 төгрөгийн үнэтэй байдаг цемент Ховд аймагт 300,000-320,000 төгрөг, Баян-Өлгий аймагт 400,000 хүртэл төгрөгийн үнэтэй байдаг ажээ. Барилга, бүтээн байгуулалтын ажлын гол түүхий эд болох цементийн үйлдвэртэй болсноор шинээр баригдаж буй орон сууцны үнэ 30-40 хувиар буурах боломжтой гэсэн судалгаа гараад байгаа гэнэ.
"Ховд-Эко" цементийн төслийн технологийн инженер Д.Дарханбаяр "Баруун таван аймаг жилд дунджаар 220 мянган тонн цемент хэрэглэж байна. Үүнийхээ 88 мянган тонныг БНХАУ-аас, 132 мянган тонныг нь Улаанбаатараас татаж хэрэглэдэг. Улаанбаатараас баруун бүс рүү цемент тээвэрлэж энэ зардлаас шалтгаалаад үнэ өндөр байгаа. "Ховд-эко" цементийн төслийн санхүүжилт шийдэгдсэн бөгөөд 2019 оны хавраас барилгын ажил эхэлнэ. Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баруун бүсийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй ОХУ-руу экспортлох боломж байгаа.
Цементийн үйлдвэр баригдаж, хямд цементтэй болохоор орон сууцжуулах болон томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжихэд хялбар болно. Барилгын материалын жижиг үйлдвэрүүд ч ашиглалтад орно.
Өнөөдрийн чуулганы үеэр Ховд аймагт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар төслүүдийг танилцуулж байна. Тэр бүх бүтээн байгуулалтын гол түүхий эд нь цемент. Тиймээс бидний зүгээс ажлаа аль болох шахаж, үйлдвэрээ боломжит хамгийн хурднаар ашиглалтад оруулахаар зорьж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг цементээр хангах сонирхол бидэнд бий" хэмээн ярилаа.
АДИЛХАН ОРЛОГОТОЙ Ч ХОЁР ДАХИН ИХИЙГ ТӨЛДӨГ БАРУУН ТАВАН АЙМГИЙНХАН
Баруун таван аймгийнхан буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийнхан Улаанбаатарчуудтай адилхан цалин авдаг. Гэтэл тэдгээр алслагдсан аймгийнхан аливаа зүйл худалдаж авахдаа хоёр дахин өндөр үнэ төлж байгааг "Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган"-нд оролцогчид хэлж байв.
Тиймээс Улаанбаатараас 1,000-1,700 км-ээр алслагдсан аймгийнхны хувьд өөрсдөө үйлдвэрлэгч болох нь үнийг буулгах гол гарц болоод байгаа ажээ.
Дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх нь зөвхөн Ховд аймаг төдийгүй баруун таван аймгийн хувьд чухал үр нөлөөтэйг онцолж, урт удаан хугацаанд яригдаж байгаа ч ажил хэрэг болохгүй байгаа төслүүдээ хэрэгжүүлэх ажилд нэгдсэн байр сууринаас хандах нь зүйтэй гэдэг дээр чуулганд оролцогчид санал нэгдлээ.
Түүнчлэн алслагдсан хэдий ч засмал замаар Улаанбаатар хоттой холбогдсон учраас аялал жуулчлал, олон улсын тээврийг хөгжүүлэх боломжтойг оролцогчид хэлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN