ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

(1957-2018)

Бидний дотны хүн, элбэрэлт эжий, алтан гарт эмч,  хэмжишгүй сайхан сэтгэлт халамжит эгч,  Алтан гадас одонт, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Ш.Нансалмаа нь  2018 оны 11 дүгээр сарын 24-нд   таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүрд гарз тохиолоо.

Ш.Нансалмаа нь 1957 оны 3 дугаар  сарын 22-нд Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгийн Модон овоо хэмээх газар  М.Шаравын 3 дахь охин болон мэндэлжээ. Тэрээр бага насаа аав ээжийн гар дээр ѳнгѳрѳѳж 1966 онд 1 дүгээр  ангид элсэн орж 1974  онд 8 дугаар  сурлагын өндөр амжилттай ангиа тѳгссѳн.  

Балчир  насныхаа  бусдыг элбэрэн хайрлах, эдгэрүүлэн тэнхрүүлэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 1974-1977 онд Говь-Алтай аймгийн Анагаах Ухааны Дунд сургуулийг Эх баригч, Бага эмч мэргэжлээр суралцаж тѳгссѳн юм.

Сургуулиа тѳгсѳж ирээд Манхан суманд  томилогдон 1 жил эх баригч бага эмчээр ажиллаж байгаад төрөлх нутаг Үенч сумынхаа эмнэлэгт шилжин ирж 1978-1996 он хүртэл эх баригч бага эмчээр амжилттай, үр дүнтэй ажиллаж олон мянган эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулж байлаа.

1996-2007 онд Үенч сумын Жаргалан багийн эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүнд тэтгэвэрт гарсан ч эх хүүхэд, хүн ардынхаа  эрүүл мэндийн төлөө эмнэн эдгээх, халамжлан хүмүүжүүлэх, хайрлан зөвлөх нөр их ажилд нь өчигдрийг хүртэл өчүүхэн ч  завсар гараагүй ээ.

Ш.Нансалмаагийн 41 жил хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэсэн зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Эмэгтэйчүүдийн байгууллагын “Ачлалт ээж” цол тэмдэгээр, “Эрүүл мэндийн яамны жуух бичиг”, “Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан” цол тэмдэг,  Алдарт эхийн 1, 2 дугаар одон, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийг ойн одон, Алтан гадас одонгоор шагнасан юм.

Тэрээр халамжит хань, хайрт ээж, хамгийн сайн эгч, алтан гарт эмч, олон түмнийхээ газар эжий, энэрэлт эмээ, итгэлт анд нөхөр, нутгийн олныхоо өмөг түшиг, халамжлан хүмүүжүүлэгч бидний бахархан хүндлэх, үлгэрлэн дуурайх  нэгэн байлаа. Та минь  бурханы орондоо тайван нойрсоорой.

Эрхэм хүн таны сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч, шудрага, ил цагаахан, энэрэнгүй, эрхэм нандин, тусч зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Нутгийн зон олноос нь.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ